|
Мөөгөнцөртөх өвчин (кандидоз) - хөрөнгө мөөг Candida- ийн бүлгийн мөөгөнцрүүдээр үүсгэгддэг. Candida – ийн төрлийн мөөг нь хүний ам, үтрээ, шулуун гэдсэнд хэвийн бичил орчин болж амьдардаг боловч хэвийн хэмжээнээсээ ихэссэн тохиолдолд л өвчин үүсгэнэ.
Халдварлалт: бэлгийн хавьтлаар халдварлаж болох боловч ихэвчлэн дараах хүчин зүйлийн нөлөөгөөөр үүсэх нь элбэг байна: - антибиотик хэрэглэх - ерөнхий биеийн дархлаа сулрах (гадаад орчин цаг агаар солигдох, сэтгэл санааны хямрал, ажлын ачаалал ихсэх, нойргүйтэх г.м.) - жирэмслэлт - дааврын бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэх - туяа болон химийн эмчилгээ хийлгэх - үтрээний угаалга байнга хийдэг байх - чихрийн шижин өвчин - ДОХ-ын халдвар - хэт бариу дотуур хувцас өмсөх, агаар нэвтрүүлдэггүй өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл удаан хугацаанд хэрэглэх
Шинж тэмдэг: эмэгтэйчүүдэд үтрээ, гадна бэлэг эрхтэн, эрэгтэйчүүдэд бэлэг эрхтэний толгой, тээрхийн арьс өвчилнө. Мөн мөөгөнцрийн гаралтай амны салстын үрэвсэл (стоматит), давсагны үрэвсэл (цистит), нарийн, бүдүүн гэдэсний үрэвсэл (энтерит, проктит), хошного хавийн арьсны үрэвслээр илэрч болдог. эмэгтэйчүүдэд: - гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох - цагаан өтгөн тараг шиг ялгадас гарна - шээхэд хорсоно - бэлгийн хавьталд ороход өвдөнө эрэгтэйчүүдэд: - бэлэг эрхтэний толгой, тээрхийн арьс улайх, заримдаа жижиг цэгчилсэн тууралт гарах - бэлэг эрхтэний толгой, тээрхийн арьс загатнана, ирвэгнэнэ - бэлэг эрхтэний толгой дээгүүр цагаан өнгөр тогтоно - бэлгийн хавьтлын үед өвдөнө, хорсоно - заримдаа шээхэд хорсоно
Оношилгоо: - оношийг эмнэл зүйн шинж тэмдэг дээр тулгуурлан тавина - наалдацын шинжилгээ
Эмчилгээ: Мөөгөнцрийн эсрэг эмчилгээг хэсэг газрын (түрхлэг, цацлага, лаа), уухаар, шаардлагатай тохиолдолд дуслаар хэрэглэнэ. Хамгийн гол нь мөөгөнцрийн эсрэг эмчилгээнээс гадна мөөгөнцрийг ихэсгэж байгаа хүчин зүйлийг арилгах асуудал юм. Жишээ нь үтрээний хэвийн орчныг сэргээх, дархлаа сэргээх гэх мэт.
|