Skip to content

Гран-При Эмнэлэг
Hvvp Бэлгийн замаар дамждаг арьсны болон бусад халдварт өвчин Умдагны бөөс (намилзгана)
Умдагны бөөс (намилзгана)

Умдагны бөөс (намилзгана) - Энэ нь умдагны бөөсөөр үүсгэгддэг бөгөөд умдагны үсэнд бэхлэгдэж, цус сорж амьдардаг шимэгч амьтан юм. Гнид буюу өндөг нь умдагны үсэнд маш сайн бэхлэгддэг тул угаахад унадаггүй байна.
Халдварлалт: Ихэнхдээ бэлгийн хавьтлаар халдах ба хувцас, алчуур, цагаан хэрэглэлээр дамжин халдаж болно. Умдаг, бэлэг эрхтэн, төмсөг, хошногоны амсрыг тойрсон үсэнд бэхлэгдэх ба зарим тохиолдолд цээж, хэвлий, суганы үсэнд тархаж болно.
Шинж тэмдэг:  шинж тэмдэг нь загатнаа байх ба ялангуяа шөнө оройн цагаар ихэсдэг. Заримдаа ямар ч зовиургүй боловч бөөсөнд хазуулж гэмтсэн тэр хэсэгт харшлын тууралт гарч болдог. Мөн умдагны үсэнд бэхлэгдсэн гнид гүвдрүү мэт харагддаг байна. Дотуур хувцасны дотор  талд жижиг цусархаг улаан хүрэн толбонууд гарна.
Оношилгоо: Эмнэл зүйн шинжүүдэд тулгуурлах ба бичил харуурын шинжилгээгээр бөөс, гнид илрүүлж оношилно.
Эмчилгээ: Сүүлийн үед хачиг, бөөсний эсрэг тосон болон аэрозоль хэлбэрийн эмийн бэлдмэлүүдийг гадуур эмчилгээнд хэрэглэдэг. Тэдгээрийг умдаг, бэлэг эрхтэн, хошногоны амсар хэсгийг тойруулан цацах эсвэл түрхэнэ. Ямар эм сонгосноосоо хамаараад хэрэглэх заавар янз бүр байна.
Эмчилгээ хийсний дараа дотуур хувцас, цагаан хэрэглэлээ солино. Харин хуучин цагаан хэрэглэл, дотуур хувцасаа угааж,халдваргүйжүүлж, хоёр талаас нь сайтар индүүдэх хэрэгтэй.
Бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчилнэ гэдгээ мартаж болохгүй шүү.

Бэлгийн замаар дамждаг бусад өвчний эрсдэл бий юу? Арьсны халдварт өвчин /хамуу, умдагны бөөс, халдварт нялаахай/ бэлгийн замаар халдах нь бэлгийн замаар дамждаг бусад өвчний дохио болдог гэж ойлгож болно. Тиймээс та зайлшгүй бэлгийн замын бусад халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.