|
Халдварт нялаахай - Халдварт нялаахай нь вирусийн шалтгаант арьсны халдварт өвчин бөгөөд ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд тохиолддог. Насанд хүрэгчдийн дунд бэлгийн замаар халдварлаж болдог. Халдварлалт: Халдвартай хүн, эд зүйлтэй гэмтсэн арьс шууд нягт хүрэлцэх замаар халдана.
Шинж тэмдэг: Эмнэл зүйн шинж нь төвдөө хүйс мэт хонхойсон, 1-15 мм хэмжээтэй, сувдан цагаан эсвэл гялтганасан ягаан өнгөтэй цагаан батга эсвэл үү шиг гүвдрүүн тууралтаар илэрдэг. Хүүхдэд арьсны аль ч хэсгийг гэмтээж болно. Насанд хүрэгчдэд гуяны дотор тал, хэвлий, умдаг, хярзан, бэлэг эрхтний арьсыг гэмтээж болно.
Оношилгоо: Эмнэл зүйн шинжид тулгуурлан оношилно. Эмчилгээ: Зарим тохиолдолд тууралт хэдэн сарын дотор өөрөө аяндаа арилдаг.Эмчилгээний энгийн арга нь тууралтыг ариун зүүгээр хатгаж шахахад ээдэмцэр маягийн цагаан зүйл гарч гүвдрүү суларч, дусал цус гарах бөгөөд Фолкманы халбагаар хусаж авах эсвэл пинцетээр 2 талаас нь шахаж доторх зүйлийг гаргаад мөнгөний нитрат,фенол,иод зэргийг түрхэнэ. Үүнээс гадна шингэн азотоор хөлдөөх, цахилгаан түлэх, лазер эмчилгээ зэрэг бусад багажийн аргуудыг хэрэглэж болно. Эмийн эмчилгээг тэр бүр хэрэглэдэггүй боловч зарим судалгаанд ходоодны шархлаат өвчний үед хэрэглэдэг циметидинийг хэрэглэх нь дархлалын тогтолцоонд нөлөөлж вирусийн гаралтай өвчнүүдэд эерэг нөлөө үзүүлдэг гэж үзжээ. Бэлгийн хамтрагчаа шинжлүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна.
Эрсдэл: Арьсны халдварт өвчин /хамуу, умдагны бөөс, халдварт нялаахай/ бэлгийн замаар халдах нь бэлгийн замаар дамждаг бусад өвчний дохио болдог гэж ойлгож болно. Тиймээс та зайлшгүй бэлгийн замын бусад халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.
|